Сүүлийн үед дэлхийн эрчим хүчний "гол судас" болох Ормузын хоолой дахь байдал бага зэрэг намжиж, ачаа тээврийн хөдөлгөөн сэргээд байсан юм. Гэвч өчигдөр Оманы эргийн ойролцоо "Evergreen" компанийн чингэлэг тээврийн хөлөг онгоц тодорхойгүй пуужингийн цохилтод өртөж, энэхүү байдлыг эвдлээ.
АНУ-ын албаны хүн "MS Now" агентлагт өгсөн мэдээллээр энэ халдлагын ард Иран улс байгаа аж. Ерөнхийлөгч Трампын хувьд "Ормузын хоолойн чөлөөтэй зорчих эрхэнд Иран улс халдаж болохгүй" гэдгийг хатуу сануулсаар ирсэн.
Олон Улсын Далайн Байгууллага (IMO) дөнгөж л мягмар гарагт тус бүс нутагт "гацсан" хөлөг онгоцууд болон далайчдыг аюулгүй гаргах төлөвлөгөөгөө эхлүүлээд байсан юм. IMO-гийн энэ ажиллагааг түр зогсоож байгаагаа өнөөдөр мэдэгдсэн бөгөөд "Төлөвлөгөөнд багтсан хөлөг онгоц, далайчдын аюулгүй байдлыг дахин баталгаажуулах шаардлагатай байна" гэж IMO-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Трамп, Ираны хооронд 60 хоногийн гал зогсоох түр хугацааны гэрээ байгуулсны дараа хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцууд нэмэгдсэн байна. Дайн эхэлснээс хойших хамгийн их хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногт ажиглагдаж, 125 хөлөг онгоц нэвтэрсэн гэж "Lloyd's List Intelligence" мэдээлжээ.
Гэвч Ираны цэргийнхэн IMO-гийн баталсан "Оманы эргээр дамжих өмнөд зам" нь "аюултай" бөгөөд Ираны зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн шинэ зам гаргах нь "завшөөрч болшгүй" гэдгийг сануулсан.
IMO-гийн мэдэгдсэнээр, пуужинд өртсөн Сингапурын тугтай хөлөг онгоц тэдний гаргах төлөвлөгөөний дагуу зорчоогүй байсан аж. Evergreen компани болон Сингапурын албаны хүмүүс энэ халдлагын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

