Дэлхийн хамгийн том газрын тос олборлогч, экспортлогчдын нэг болох Орос улс яг одоо нийслэл Москва хотдоо бензинээ картын бараа шиг олгож байна.
Сүүлийн саруудад Украйны дронууд Оросын газрын тосны дэд бүтцүүдийг нэлээд амжилттай "онилж" чадсаны үр дүнд Москвад шатахууны хомсдол үүсэж, томоохон түгээгүүрүүд борлуулалтаа хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Эрх баригчид нь бензин тасалдуулчихгүй юм сан гэж толгойгоо гашилгаж сууна.
Украйны дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг ээлж дараалан цохисноор, системийг нь бага багаар мэрж унагасаар байна. Хамгийн сүүлийн бөгөөд хамгийн хүнд цохилт нь энэ долоо хоногт Москвагийн шатахууны хэрэглээний 40 орчим хувийг дангаараа хангадаг "Газпром Нефть"-ийн үйлдвэр рүү хийсэн дайралт байлаа. Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Москвагийн үйлдвэрийн саатал болон "Татнефть"-ийн аварга том "Танеко" үйлдвэрт гарсан гэмтэл зэрэг нь нийлээд өдөрт 600,000 баррель газрын тос боловсруулах хүчин чадлыг нь үгүй хийжээ.
Одоо Роснефть, Лукойл, Татнефть зэрэг томоохон колонкууд дээр хүн бүрд хүссэн хэмжээгээр нь бензин өгөхөө байсан. Үнэ нь ч таван долоо хоног дараалан өсөж, инфляцын хурднаас даруй хоёр дахин эрчимтэй "нисэж" байна.
Кремль сандарсандаа хуучин танил аргаа хэрэглэж эхлэв: шатахууны чанарын стандартыг бууруулж, хамгийн чухал хэрэглэгчиддээ түрүүлж хуваарилаад, экспортоо хаалаа. Бензинээ дотооддоо авч үлдэхийн тулд долдугаар сарыг дуустал гадагшаа зарахыг бүрэн хориглочихоод байна.
Орос улс өдөр бүр сая сая баррель түүхий нефть олборлосон хэвээр байгаа нь үнэн. Гол "асуудал" нь тэр их түүхий тосыг бензин болгож хувиргадаг үйлдвэрүүд нь дэлбэрээд дуусаж байгаад л оршино.
Хэдэн арван жилийн турш дэлхий дахинд түүхий нефть, бензин, дизель, байгалийн хий түгээж "Эрчим хүчний супер гүрэн" хэмээн цээжээ дэлддэг байсан Орос улс өнөөдөр Азиас барууны боомтуудаараа бензин импортолж, нийслэлдээ бензинийг "нормоор" тарааж сууна. Эндээс юу харагдаж байна вэ? Хэдий дэлхийн хамгийн том эрчим хүчний экспортлогч байлаа ч, боловсруулах үйлдвэрүүд нь зогсоход ямар өрөвдмөөр эмзэг болдгийг Украйны дроны ажиллагаа маш тод харуулж өглөө.

