Өнгөрсөн жил алтны үнэ тэнгэрт хадаж эхлэхэд "Удахгүй энэ хавар гэхэд 6,000 доллар хүрнэ!" хэмээн хамгийн чангаар цээжээ дэлдэж байсан Bank of America (BofA) аядуухан ухарч эхэллээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed) бодлогын хүүгээ чангаруулах чиг хандлагатай байгаа нь алтны зах зээлд хөөрхөн "дэгээ" тавьж, тус банкны шинжээчдийн хэт өөдрөг төсөөллийг хэсэгтээ л намжаажээ.
Юу нь буруугаар эргэчихэв? Оны эхэнд хөрөнгө оруулагчид Төв банкийг хүүгээ бууруулна гэж хүлээж байв. Гэтэл Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал инфляцийн мангасыг дахин сэрээчихэж! Үүнээс болоод зах зээл он дуусахаас өмнө бодлогын хүүг өсгөнө гэж бооцоо тавьж эхэлсэн ба есдүгээр сар гэхэд хүү өсөх магадлал 70%-ийг давжээ. Видмерийн хэлж буйгаар инфляцитай тэмцэхийн тулд мөнгөний бодлого чангарах нь алтны өсөх боломжийг шууд 50%-иар хумсалдаг гэнэ.
Цаашлаад, Ирантай энхийн гэрээ байгууллаа ч инфляци амархан буухгүй гэдгийг тэд сануулж байна. Нийлүүлэлтийн сүлжээний дарамт, Трампын тарифын цохилт, мөн орон сууцны үнийн хэлбэлзэл гээд үнэ өсгөх шалтгаанууд мундахгүй их хэвээр л байна.
Гэхдээ алт үнэхээр сэхэл авахгүй гэж үү? Алтанд итгэгчид гуньж гутрах болоогүй! АНУ-ын эдийн засгийн бодлого "этгээд" хэвээр байгаа бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ийхээ 6%-д хүрч, гадныхан АНУ-ын үнэт цааснаас нүүр буруулсаар байна. Дэлхийн төв банкуудын 74% нь ирэх 5 жилд ам.долларын нөөцөө багасгана гэж хариулсан нь алтны хувьд маш таатай мэдээ юм.
Мөн энгийн хөрөнгө оруулагчид хөрөнгийнхөө 60%-ийг хувьцаа, 40%-ийг бонд гэж хуваахын оронд (60:20:20) алт руу хөрөнгөө шилжүүлэх орон зай асар их байгаа тул алтны эрэлт хэзээд тасрахгүй гэж BofA дүгнэжээ.

