Рейтерс агентлагийн мэдээлснээр, Украйны холын тусгалтай дронуудын олон удаагийн ширүүн цохилтуудын улмаас бүтцийн ноцтой эвдрэлд орсон Москвагийн Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 оноос өмнө дахин ажиллаж эхлэх магадлал тун бага байна. Энэ нь шатахууны хомсдолтойгоо арай ядан тэмцэж буй тус улсын хувьд ёстой л "унасан дээр нь дэвсэх" гэгч болж байна.
"Газпром Нефть"-ийн эзэмшилд байдаг, Москвагийн зүүн өмнөд хэсэгт байрлах энэхүү байгууламж 6-р сарын дундуур ганцхан долоо хоногийн дотор хоёр ч удаа хүчтэй цохилтод өртсөнийхөө дараа дор хаяж 6 сарын турш "унтаа" байдалд орох нь тодорхой болов. Үйлдвэрлэлийн нийт боловсруулах хүчин чадлын 53 орчим хувийг дангаараа үүрдэг хамгийн чухал нэгж нь энэхүү халдлагын үеэр бүрэн жагсаалаас гарсан гэж салбарын
Уг нь тус үйлдвэр 2024 онд 11.6 сая тонн түүхий нефть боловсруулж, нийслэлийнхээ түлшний хэрэгцээний тал орчим хувийг дангаараа хангадаг "баатар" байсан юм. Гэвч энэхүү урт хугацааны зогсолт нь Оросуудыг төлөвлөж байснаас ч илүү удаан хугацаанд дотоодын түлшний хомсдолтойгоо зууралдахад хүргэж байна.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак саяхан нууцаа дэлгэж, засгийн газар хомсдолыг давахын тулд дизель түлшний экспортыг бүрмөсөн хориглох, бүр цаашлаад далайгаар түлш импортлох талаар судалж байгааг хэлэв. Украйны дронуудын цохилтоос эрчим хүчний дэд бүтцүүд нь сүйдэж, Орос даяар бензиний долоо хоногийн гарц нь даруй 25%-иар навс уначихаад байгаа юм. Крымын хойг шиг газруудад байдал бүр хурцадмал болж, орон нутгийн удирдлагууд нь түлш худалдан авах хатуу хязгаарлалт тогтоож, нийтийн үйлчилгээний цагийг хүртэл танажээ. Одоогоор 10 орчим бүс нутагт нэг машинд дээд тал нь 30-40 литр л түлш өгөх "хатуу дэглэм" тогтоогоод байна.
Новакийн хувьд улс орных нь түлшний байдал "хэцүүхэн байгаа ч бидний хяналтад байгаа" хэмээн өөдрөгөөр тайлбарлажээ. Алдагдсан хүчин чадлаа нөхөхийн тулд Оросын засгийн газар татварын хуулиа яаравчлан өөрчилж, үйлдвэрүүдийн урсгал засварыг хойшлуулан, онцгой байдлын үед хадгалсан нөөцөө задалж эхэлсэн байна. Лхагва гарагт Оросын парламент дотоодын түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх " ажиллагааны" багц арга хэмжээг баталсан бөгөөд үүнд импортын түлшний татаас, дайны үеийн хүндрэлтэй тэмцэж буй үйлдвэрлэгчдэд зориулсан түр хугацааны хөнгөлөлтүүд багтжээ.
Үүгээр зогсохгүй Москва дотоодын үнээ тогтворжуулахын тулд Турк болон Азийн бусад орнуудаас түлш импортлох талаар хүртэл судалж байна. Оросын стратегийн нөөцийг Холбооны улсын нөөцийн агентлаг (Росрезерв) хариуцан хадгалдаг. Гэвч хөөрхий тэдгээр агуулахууд нь хүртэл Украйны пуужингийн бай болж дуусжээ: саяхан Рыбинск дэх "Комбинат Темп" стратегийн агуулах томоохон цохилтод өртөж, 15 ширхэг тактикийн шатахууны сав нь үнс нурам болсон байна.

